Залуу эмэгтэйчүүдийн дундах хүний хөхөнцөр вирүсийн тархалт болон мэдлэг, дадал, хандлагыг үнэлэх судалгаа

Умайн хүзүүний хорт хавдар нь Монгол улсад эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог хорт хавдрын хоёрдугаарт ордог. Умайн хүзүүний хорт хавдрын зонхилон тохиолддог шалтгаан нь хүний хөхөнцөр вирүс (ХХВ) юм.

Монгол болон бусад улс орнуудад ХХВ-ийн маш олон төрөл байдгаас 16 болон 18 хэв шинж нь умайн хүзүүний хорт хавдрын гол шалтгаан болдог. ХХВ нь гол төлөв бэлгийн замаар дамжин халдварладаг. Монголд ХХВ-ийн халдварын талаарх мэдээлэл хангалтгүй байдаг хэдий ч дэлхий дахинд энэ талаарх мэдээллүүд түгээмэл байдаг. Олон улсын хэмжээнд 25-аас доош насны эмэгтэйчүүдийн дунд ХХВ-ын халдварын тархалт өндөр байгаа бөгөөд ихэнх тохиолдолд энэ үед ямар нэгэн шинж тэмдэг, зовиур илэрдэггүй. Халдвар авснаас хойш 1-2 жилийн дотор эмчилгээ шаардлагагүй, хорт хавдар үүсдэггүй байна. Гэвч зарим тохиолдолд, ХХВ-ийн халдвар олон жилийн турш үргэлжилж болно. ХХВ-ийн хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй зарим хэв шинжийн халдвар удаан хугацаанд эмчилгээгүй байсны улмаас эсийн өөрчлөлт үүсгэж, улмаар умайн хүзүүний хорт хавдар болж болзошгүй байдаг.