Хаяг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Оюутны хотхон 68/1 , 101 тоот
Утас +976 7000 1393, 7000 1494
Э-Шуудан info@cancercouncilmongolia.mn

Давсагны хорт хавдар гэж юу вэ?

oab-1

Давсагны хорт хавдар гэдэг нь давсганд хэвийн бус хавдрын эс хяналтгүйгээр өсөж үржихийг хэлнэ.

Хэд хэдэн төрлийн давсагны хорт хавдар байдаг:

  • Давсагны дотор хананд байх уротелиал эсийн хорт хавдар нь шилжвэр эсийн хавдарт хамаарах ба давсагны хорт хавдрын хамгийн өргөн тохиолддог хэлбэр (80-90%) юм.
  • Хучуур эсийн хорт хавдар нь давсагны дотор талын нимгэн, хавтгай эсээс үүсэлтэй.
  • Булчирхайлаг эдийн хорт хавдар нь цөөн тохиолддог, давсагны салс ялгаруулдаг эсээс үүснэ.

 


Давсагны хорт хавдрын шинж тэмдгүүд

Давсагны хорт хавдрын үед цустай шээх шинж тэмдэг хамгийн өргөн тохиолддог бөгөөд ихэвчлэн гэнэт илэрдэг ба өвдөлтгүй байдаг онцлогтой.

Мөн түүнчлэн дараах шинж тэмдгүүд ч илэрч болно:

  • шээхэд зовиуртай байх
  • шээхэд халуу оргих
  • ойр ойрхон шээх
  • цустай шээх
  • хэвлийн доогуур эсвэл нуруугаар өвдөх

Танд дээрх шинж тэмдгүүд илэрсэн ч давсагны хорт хавдар биш, өөр шалтгаантай холбоотой байж болох тул эмчээс зөвлөгөө авах нь чухал юм.

 


Давсагны хорт хавдрын шалтгаан

Давсагны хорт хавдрын шалтгаан тодорхойгүй боловч хавдар үүсэхэд нөлөөлөх дараах эрсдэлт хүчин зүйлс байдаг. Тухайлбал :

  • тамхидалт
  • бөс даавуу, резины, газрын тос гэх мэт бүтээгдэхүүний үйлдвэрт зарим химийн нэгдлүүдтэй харьцдаг ажил хийх
  • циклофосфамид зэрэг химийн эмчилгээ хийлгэх
  • чихрийн шижин
  • удамшил
  • давсагны архаг үрэвсэл.

 


Давсагны хорт хавдрын эрт илрүүлэх шинжилгээ

Одоогоор давсагны хавдрыг эрт илрүүлэх (скрининг) шинжилгээ байхгүй.


Давсагны хорт хавдрын оношилгоо

Давсагны хавдрыг оношлох хэд хэдэн шинжилгээ байдаг. Үүнд:

Цусны шинжилгээ

Цусны шинжилгээгээр таны биеийн ерөнхий байдлыг үнэлнэ.

Шээсний шинжилгээ

Шээсэнд цус, бактер, хорт хавдрын урьдал эс, хорт хавдрын эсүүд байгаа эсэхийг тогтооно.

Компьютер томограф

Компьютер томограф шинжилгээгээр давсаг болон ойролцоох эрхтэнүүдийн гурван хэмжээст зургийг гарган авдаг ба ингэснээр хорт хавдрыг илрүүлэх боломжтой болно.

Хэт авиан шинжилгээ

Хорт хавдрын хэмжээ, байдлыг хэт авиагаар хардаг боловч бага хэмжээний хорт хавдрыг энэ аргаар оношлоход хэцүү байх талтай.

Давсаг дурандах, эдийн шинжилгээ

Давсагны дотор талыг шинжлэн хавдрыг оношлох гол арга юм. Хэрэв хэвийн бус эд илэрвэл тэр хэсгээс эдийн шинжилгээнд зориулан дээж (биопси) авна.

 


Давсагны хорт хавдрын эмчилгээ

Үе шатнаас нь хамааран эмчлэх

Компьютер томограф, ясны радио идэвхит шинжилгээ, цээжний рентген зэргээр хорт хавдрын үе шатыг тодорхойлно.

Давсагны хавдрын үе шатыг I – IV зэрэг хүртэл  TNM system (Т-хавдрын хэмжээ, N-тунгалгийн булчирхайн томрол, M-үсэрхийлэл)–ээр тогтоодог. Хорт хавдрын үе шатыг тодорхойлсноор эмч танд тохирох хамгийн тохиромжтой эмчилгээний төлөвлөгөөг гаргана.

Эмчилгээний хэлбэр

Давсагны гадаргууд байрласан хорт хавдрыг мэс засал болон дархлаа дэмжих эмчилгээгээр, зарим тохиолдолд хими эмчилгээгээр эмчилдэг.

Мэс засал

Мэс заслын (шээсний сүвээр дамжуулан тайралт хийх) аргаар эмчлэхдээ үзүүртээ гогцоотой давсагны дуран ашиглан хорт хавдрыг авна. Мөн лазер эмчилгээний аргаар хорт хавдрын эсийг түлэх буюу үхүүлэх аргыг ашиглаж болно.

Дархлаа дэмжих эмчилгээ

Инвазив бус буюу нэвчээгүй давсагны хорт хавдрын үед дархлаа дэмжих эмчилгээ хийдэг. Давсагны хорт хавдрын ургалтыг зогсоох, удаашруулах зорилгоор дархлаа дэмжих нөлөөтэй БЦЖ вакциныг хэрэглэнэ.  БЦЖ (BCG буюу Bacillus Calmetter-Guérin) вакциныг сүрьеэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэдэг.

Хими эмчилгээ

Хими эмчилгээ нь хорт хавдрын эсийг гэмтээн, устгадаг. Инвазив бус хорт хавдрын үед давсган дотор хими эмчилгээний эмийг хийж эмчилнэ.

Инвазив буюу нэвчиж ургасан хорт хавдрыг ихэвчлэн мэс заслаар эмчлэх боловч туяа эмчилгээ мөн хийдэг. Зарим тохиолдолд хими эмчилгээг нэмж хэрэглэдэг.

Хэрэв мэс засалд орох боломжгүй бол туяа эмчилгээг хими эмчилгээтэй хавсруулж эсвэл дан туяа эмчилгээгээр, эсвэл дан хими эмчилгээгээр хорт хавдрыг эмчилнэ.

Эмчилгээний баг

Эмчилгээний дэглэмээс хамааран таныг эмчлэх эмчилгээний багт төрөл бүрийн нарийн мэргэжлийн мэргэжилтнүүд багтаж болно. Үүнд:

  • урологич буюу шээсний замын эрхтэн тогтолцооны мэс заслын мэргэжилтнүүд
  • туяа эмчилгээний тун болон хослолыг тохируулах туяа эмчилгээний эмч, хорт хавдар судлаач
  • хими эмчилгээний тун болон хослолыг тохируулах хорт хавдар судлаач эмч
  • сувилагч нар
  • хоол зүйч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч зэрэг эрүүл мэндийн бусад мэргэжилтнүүд

 


Давсагны хавдрын тавилан

Тухайн хувь хүний нөхцөл байдлаас хамаардаг тул өвчний тавиланг яг тодорхойлон таамаглах нь боломжгүй юм. Гэхдээ эмч танд таны өвчний байдал, хавдрын хэлбэр, шинжилгээний үр дүн, хавдрын үе шат, нас, биеийн ерөнхий байдал, өвчилж байсан эсэхийг харгалзан тавиланг таамаглан хэлж болно.

 


Давсагны хорт хавдраас урьдчилан сэргийлэх

Давсагны хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжгүй боловч амьдралын идэвхитэй хэв маягаар амьдарч, дам тамхидалт, дээр дурьдсан химийн бодистой харьцахаас зайлсхийх зэргээр хорт хавдар үүсгэх эрсдлийг бууруулах боломжтой.

Мэдээлэл боловсруулсан: С.Сарнай (АШУҮИС-ийн багш), И.Болормаа (Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан), Б.Цэцэгсайхан (Анагаах ухааны доктор)