Хаяг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Оюутны хотхон 68/1 , 101 тоот
Утас +976 7000 1393, 7000 1494
Э-Шуудан info@cancercouncilmongolia.mn

Бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар гэж юу вэ?

stages-of-cancer

Зонхилох арван байрлалын хорт хавдарт бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар 2.5 хувийг эзэлж байна.  (Эрүүл мэндийн хөгжлийн төв. Эрүүл мэндийн үзүүлэлт 2015)

Бүдүүн гэдэсний хорт хавдрыг мөн бүдүүн шулуун гэдэсний хавдар гэж нэрлэдэг ба уг хавдар нь анх гэдэсний дотор давхаргаас ургацаг байдлаар үүсч, улмаар оношлож эмчлээгүйгээс инвазив буюу хортой хавдарт шилжиж үүсдэг.

 


Бүдүүн шулуун гэдэсний хавдрын шинж тэмдгүүд

Бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын үед дараах шинж тэмдгүүд илэрдэг. Үүнд:

  • Суулгах, өтгөн хатах, дутуу баасан мэт санагдах
  • Баас нарийхан хэлбэртэй болох
  • Цустай баах
  • Гэдэс дүүрэх эсвэл базлах
  • Турах
  • Ядарч сульдах
  • Шалтгаан тодорхойгүй цус багадалт үүсэх

Танд дээрх шинж тэмдгүүд илэрсэн ч бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын улмаас биш, өөр шалтгаантай байж болох тул эмчээс зөвлөгөө авах нь чухал юм.

 


Бүдүүн шулуун гэдэсний хавдрын шалтгаан

Бүдүүн гэдэсний хорт хавдрын шалтгаан тодорхойгүй боловч хавдар үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс бий. Тухайлбал:

  • Удамшил буюу генетикийн эрсдэлт хүчин зүйл, гэр бүлийн хүмүүст тохиолдсон байх
  • Бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчин
  • Улаан мах (үхэр, хонь г.м), боловсруулсан махан бүтээгдэхүүн (хиам, утсан, консервлосон хүнс г.м) ихээр хэрэглэх
  • Таргалалт
  • Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх
  • Тамхи татах

 


Бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын эрт илрүүлэх шинжилгээ

Бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрыг эрт оношлох “өтгөнд цус илрүүлэх, давхар тодосгогч бодистой рентген зураг, бүдүүн шулуун гэдэсний дуран”-ийн  шинжилгээг 50-иас дээш насанд жилд нэг удаа өгч байх шаардлагатай юм.

Бүдүүн гэдэсний хавдрын оношлогоо

Гэдэсний хавдрыг оношлохын тулд хэд хэдэн шинжилгээ хийнэ. Үүнд:

Бүдүүн шулуун гэдэс дурандах

Бүдүүн шулуун гэдэсний хавдрыг илрүүлэх хамгийн сайн шинжилгээний арга нь бүдүүн гэдэс дурандах юм. Уг шинжилгээ хийхдээ шулуун гэдсээр уян гуурс оруулан бүдүүн гэдсэнд хий шахдаг. Уян гуурсны төгсгөлд байх камераар эмч хэвийн бус эд байгаа эсэхийг харж шалгана. Хэвийн бус ямар нэгэн эд байвал дараагийн шинжилгээг хийх, эсвэл тухайн эдийг авах боломжтой.

Тахир гэдэсний уян дурангаар шулуун гэдэс, тахир гэдэсний зүүн хэсгийг шинжлэнэ. Хэвийн бус ямар нэгэн эд байвал дараагийн шинжилгээг хийх, эсвэл тухайн эдийг авах боломжтой.

Компьютер томограф (СТ) эсвэл Соронзон резонанст томограф шинжилгээ (MRI)

Компьютер томограф шинжилгээгээр олон эрхтэний гурван хэмжээст зургийг нэг дор гарган авдаг ба бүдүүн гэдсийг шинжлэхэд ч хэрэглэх боломжтой.  Соронзон резонанст томограф шинжилгээ нь биеийн хөндлөн огтлолын зургийг өндөр нарийвчлалтайгаар гаргадаг тул биед байгаа хавдрын хэмжээг харуулна.

Барийн уусмалаар бургуй тавих

Рентген шинжилгээнд барийн бургуй буюу цагаан контраст шингэн (Бари) ашиглан ямар нэгэн хавдар эсвэл томорсон зүйлсийг харна.

Позитрон ялгаруулах цацраг туяаны шинжилгээ (РЭТ)

Позитрон ялгаруулах цацраг туяаны шинжилгээнд бага хэмжээний радиоидэвхт глюкозыг биед тарина. Шинжилгээний явцад хавдрын эс илүү тодорч харагдана.

Хэт авиан шинжилгээ

Хэт авиан шинжилгээг ашиглан хавдар гэх мэт ямар нэгэн нягт эдийг илрүүлдэг. Хэрэв шулуун гэдэс эсвэл анусны хавдартай болохыг бусад шинжилгээгээр нотолсон бол шулуун гэдэсний хэт авиан шинжилгээ хийх ба хавдар элгэнд үсэрхийлсэн эсэхийг тогтоохдоо хэвлийн хэт авиан шинжилгээг ашиглана.

 


Бүдүүн шулуун гэдэсний хавдрын эмчилгээ

Үе шатаас нь хамааран эмчлэх

Дээр дурдсан шинжилгээгээр хавдрын үсэрхийллийг тодорхойлж, үе шатыг нь тогтооно.

Ингэснээр эмч танд тохирох хамгийн сайн эмчилгээг сонгоно.

Компьютер томографи шинжилгээг элэг болон уушгинд хавдрын үсэрхийлэл буй эсэхийг тогтооход хэрэглэдэг. Өвчний явцад цусны шинжилгээгээр хавдрыг маркер СЕА (carcinoembryonic antigen) ихсэж буй эсэхийг хянана.

Эмчилгээний хэлбэрүүд

Гэдэсний хавдрын үед ихэвчлэн гэдэс тайрах, орчных нь тунгалгын булчирхайг авах мэс засал хийгддэг. Хэрэв хавдар үсэрхийлсэн бол хими эмчилгээ мөн хийнэ.

Сүүлийн үед бай эмчилгээний туршилт судалгааг хими эмчилгээтэй хавсруулан хийж байна.

Эмчилгээний баг

Эмчилгээний багт төрөл бүрийн нарийн мэргэжилтнүүд багтана. Үүнд:

  • гэдэсний хавдрыг оношлон, мэс засал хийх бүдүүн шулуун гэдэсний мэс засалч
  • хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгийг эмчлэх мэргэшсэн эмч
  • хими, туяа эмчилгээний тун болон хослолыг тохируулах туяа эмчилгээний эмч, хавдар судлаач эмч
  • хавдрын сувилагч
  • хоол зүйч, нийгмийн ажилтан, сэргээн засалч зэрэг эрүүл мэндийн бусад мэргэжилтнүүд

 


Бүдүүн шулуун гэдэсний хавдрын тавилан

Тухайн хүний хавдрын хэлбэр, үе шат, нас, оношлогдох үеийн биеийн ерөнхий байдал зэргээс хамаардаг. Австрали улсад бүдүүн гэдэсний хавдар оношлогдсон хүмүүсийн 66% нь таваас дээш жил амьдардаг байна.

 


Бүдүүн шулуун гэдэсний хавдраас урьдчилан сэргийлэх

Тамхинаас татгалзах, шинэ жимс, ногоо хэрэглэж, эрүүл хооллолтой байх, биеийн жинг барих зэргээр гэдэсний хавдрын эрсдлийг бууруулна.

 

Мэдээлэл боловсруулсан: С.Сарнай (АШУҮИС-ийн багш), Т.Хосбаяр (АШУҮИС-ийн багш)