Хаяг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Оюутны хотхон 68/1 , 101 тоот
Утас +976 7000 1393, 7000 1494
Э-Шуудан info@cancercouncilmongolia.mn

Тархины хорт хавдар гэж юу вэ?

brain-tumor-diagramТархины хорт хавдар нь ихэвчлэн тархинд анхдагчаар үүсэж, бусад эрхтэнд бараг үсэрхийлдэггүй бөгөөд гэхдээ бусад эрхтний хавдраас тархинд үсэрхийлэн  хоёрдогчоор тархинд хорт хавдар үүсэх нь бий.

Тархины хорт хавдар нь 40 гаруй төрлийн байдаг боловч үндсэндээ хоёр хэлбэрт хуваагдана:

  • хоргүй – зөөлөн – ургаж томордог ба үсэрхийлдэггүй. Тархины зөөлөн бүрхүүлийн хавдар, мэдрэлийн эсийн хавдар, өнчин тархины хавдар, гавал залгиурын хавдар ихэвчлэн ийм хэлбэрээр тохиолдоно.
  • хорт – өмөн – тархи, нугас руу үсэрхийлдэг. Астроцит эсийн хавдар, олигодендрогли эсийн хавдар, мэдрэлийн эсүүдийн хавдар үүнд хамаарна.

2015 онд хүүхдийн дунд зонхилон тохиолдох хорт хавдрын бүтцийг харахад 18.4 хувийг тархи, мэдрэлийн хавдар эзэлж байна. (Эх сурвалж: Эрүүл мэндийн хөгжлийн төв. Эрүүл мэндийн үзүүлэлт 2015). Насанд хүрэгчдийн хувьд зонхилох арван байрлалын хорт хавдарт ордоггүй байна.

 


Тархины хорт хавдрын шинж тэмдгүүд

Тархины хорт хавдрын эхний шинж бол толгой өвдөх юм. Толгойн өвдөлт хөнгөн, хүнд, тогтмол мөн намжилт, дахилттай явагддаг онцлогтой.  Гэвч толгойн өвдөлт бүр тархины хавдар биш байж болох тул та санаа зовж байвал эмчид үзүүлэх хэрэгтэй.

Дараах шинж тэмдгүүд илэрч болно:

  • ярих эсвэл хэлье гэж бодсон үгээ санахад хэцүү байх
  • харах, сонсох, үнэрлэх, амтлах мэдрэхүй өөрчлөгдөх
  • таталт илрэх: хүнд (бүх бие татах) эсвэл дунд зэргийн таталт үүсэх (богино хугацаанд ухамсарт үйл ажиллагаа, мэдрэхүй алдагдах эсвэл булчин татвалзах)
  • биеийн зарим хэсэг сулрах, саажих
  • тэнцвэр алдагдах
  • ерөнхийдөө ууртай, идэвхгүй, нойрмог болох эсвэл хувь хүний зан чанар өөрчлөгдөх
  • дотор муухайрах, бөөлжих.

Танд дээрх шинж тэмдгүүд илэрсэн ч тархины хорт хавдар биш, өөр шалтгаантай холбоотой байж болох тул эмчид даруй хандах нь чухал юм.

 


Тархины хорт хавдрын шалтгаан

Тархины хорт хавдрын шалтгаан тодорхойгүй боловч хавдар үүсэхэд нөлөөлөх дараах эрсдэлт хүчин зүйлс байдаг. Тухайлбал :

  • Ихэнх хүнд тодорхой удамшлын хүчин зүйл буюу генетикийн шалтгаанаар тархи, нугасны зарим хавдрууд үүсдэг.
  • Толгойд маш өндөр эрчимтэй туяагаар гэмтэл авах

 


Тархины хорт хавдрын эрт илрүүлэх шинжилгээ

Одоогоор тархины хорт хавдрын эрт илрүүлэх шинжилгээ (скрининг) байхгүй.


Тархины хорт хавдрын оношлогоо

Хэрэв эмч тархины хорт хавдар гэж сэжиглэвэл тархины хэсгүүдийн үйл ажиллагааг шинжлэхдээ рефлекс, булчингийн хүч, зүүгээр хатгахад мэдрэх болон халуун хүйтний ялгааг мэдрэх эсэхийг шалгана. Хавдрын улмаас гавлын дотоод даралт ихсэн нүд бүлтийж, нүдний мэдрэл дарагдсан эсэхийг нүдний уг дурандаж  тогтооно.

Тархины хавдрыг ихэвчлэн соронзон резонанст томограф шинжилгээ (MRI) болон компьютер томограф (CT) шинжилгээнүүдээр оношлодог.

Зарим тохиолдолд бусад шинжилгээнүүдийг хэрэглэдэг. Үүнд:

  • Соронзон резонанст спектроскопи
  • Позитрон ялгаруулах цацраг туяаны шинжилгээ (РЕТ)
  • Нэг фотон цацрагт компьютер томограф
  • Бүсэлхийн хатгалт (нугасны ус авах).

 


Тархины хорт хавдрын эмчилгээний төрлүүд

Үе шатнаас хамааран эмчлэх

MRI, CT, бусад шинжилгээний үр дүнг үндэслэн эмч хавдрын үе шатыг тогтооно. Үе шат нь хавдрын хэмжээ, үсэрхийлэл зэргийг тодорхойлж өгнө.

Тархины хавдрын ургалт, орчны эдэд нэвчсэн байдлаар нь I – IV үе шат болгон ангилна. I , II үедээ хавдрын ургалт хамгийн удаан байх бөгөөд бага хэмжээний хавдар гэх бол IV үе шатанд хамгийн хурдан ургана.

Эмчилгээний төрүүд

Тархины хавдрыг мэс засал, хими, туяа, даавар эмчилгээний  аргаар эмчлэх ба эдгээрийг хавсруулан хэрэглэж болно.

Зарим хавдрыг мэс заслын аргаар бүрэн авдаг (гавлын ясыг авч хийнэ). Мэс заслын дараа туяа эмчилгээ хийснээр хавдрын ургалтыг зогсоож, амьдрах хугацааг нэмэгдүүлдэг. Глиобластома гэх хавдрын үед темозолимид эмийг туяа эмчилгээний явцад хавсруулан хэрэглэх, эсвэл туяа эмчилгээний дараа хэрэглэхэд үр дүнтэй байдаг.

Хэрэв хавдрыг авах боломжгүй бол эмчилгээний зорилго нь хавдрын ургалтыг удаашруулж, хавдрын томрол болон орчны эдийн  хаванг бууруулж шинж тэмдгийг намдаахад чиглэнэ. Туяа эмчилгээг темозоломидтэй хавсруулан эсвэл дангаар нь хийнэ.

Эмчилгээний баг

Эмчилгээний төрлөөс хамааран таныг эмчлэх эмчилгээний багт төрөл бүрийн нарийн мэргэжлийн мэргэжилтнүүд багтаж болно. Үүнд:

  • тархи болон мэдрэлийн тогтолцооны өвчнийг оношлож, эмчлэх мэдрэлийн эмч
  • тархины эмгэг, гэмтлийг мэс заслаар эмчлэх тархины мэс засалч
  • хавдрын сувилагч нар
  • хими эмчилгээ ашиглан хорт хавдрыг оношлох, эмчлэх хавдрын эмч
  • туяа эмчилгээгээр ашиглан хавдрыг оношлох, эмчлэх туяа эмчилгээний эмч, хавдар судлаач
  • хоол зүйч, нийгмийн ажилтан, хэл засалч, хөдөлгөөн засалч зэрэг эрүүл мэндийн бусад мэргэжилтнүүд

 


Тархины хорт хавдрын тавилан

Тавилан гэдэг нь өвчний хүлээгдэж буй үр дүнг хэлнэ. Тухайн хүний хавдрын хэлбэр, үе шат, нас, оношлогдох үеийн биеийн ерөнхий байдал зэргээс хувь хүний тавилан хамаардаг.

Хоргүй хавдрыг бүрэн авч болдог бөгөөд эмчилгээний үр дүн сайтай байдаг. Хорт хавдрын хувьд хавдрын ургалт хир хурдан, удаан байгаа эсэх болон эмчилгээний үр дүн зэргээс тавилан хамаарна.

 


Тархины хорт хавдраас урьдчилан сэргийлэх

Одоогоор тархины хорт хавдраас урьдчилан сэргийлэх батлагдсан арга хэмжээ байхгүй байна.

Мэдээлэл боловсруулсан: С.Сарнай (АШУҮИС-ийн багш), И.Болормаа (Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан)