Хаяг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Оюутны хотхон 68/1 , 101 тоот
Утас +976 7000 1393, 7000 1494
Э-Шуудан info@cancercouncilmongolia.mn

Бөөрний хорт хавдар

kidney_cancer

Монгол улсад бөөрний хорт хавдар эрэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдох хорт хавдрын долоо дахь байранд, эмэгтэйчүүдийн аравт бүртгэгдэж байна.

Бөөрний хорт хавдрын бүх тохиолдлын 90% гаруй нь бөөрний эсийн гаралтай үүсдэг бөгөөд ихэвчлэн нэг бөөрөнд үүсдэг боловч ховор тохиолдолд хоёр бөөрөнд үүсдэг.


Эрт илрүүлэлт

Одоогоор бөөрний хорт хавдрыг эрт илрүүлэгийн шинжилгээ (скрининг) байхгүй.


Илрэх шинж тэмдэг ба оношлогоо

Бөөрний хорт хавдрын эхэн үед ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй.

Бөөрний хорт хавдрын үед дараах шинж тэмдгүүд илэрч болзошгүй. Үүнд:

  • Цустай шээх
  • Гэмтэлтэй холбоогүй байдлаар нуруу эсвэл нурууны аль нэг талд хүчтэй бус, байнгын өвдөлт илрэх
  • Хэвлийгээр өвдөх
  • Байнга ядрах
  • Богино хугацаанд, шалтгаангүйгээр турах
  • Шалтгаангүй халуурах (ханиад томуугаар өвдөөгүй байхад)

Бөөрний хорт хавдрыг оношлоход дараах шинжилгээнүүдийг хийнэ.

  • Шээсний шинжилгээ
  • Эсийн шинжилгээ
  • Цусны шинжилгээ
  • Багажийн шинжилгээнүүд – хэт авиан шинжилгээ, цээжний рентген шинжилгээ, комьпютер томограф (CT), соронзон резонанст томографи (MRI), позитрон ялгаруулах цацраг туяаны шинжилгээ (PET), радио изотоп ашиглан яс шинжлэх, судсаар тодосгогч бодис оруулан бөөрний тэвшинцэрийг шинжлэх

 


Үе шатыг тодорхойлох

Хорт хавдрын тархалт, хэмжээг комьпютер томографи, радио изотоп ашиглан яс шинжлэх, цээжний рентген шинжилгээгээр тодорхойлно.

Бөөрний хорт хавдрын үе шатыг I – IV зэрэг хүртэл TNM system, (T – хавдрын хэмжээ, N-тунгалгийн булчирхайн томрол, M-үсэрхийлэл) –ээр тогтоодог.


Шалтгаан

Бөөрний хорт хавдрын шалтгаан тодорхойгүй боловч хавдар үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс бий. Тухайлбал:

  • Тамхи татах
  • Фенацетан агуулсан өвдөлт намдаах эм байнга хэрэглэдэг (энэ химийн бэлдмэлийг хэрэглэхийг хориглосон)
  • Шөрмөсөн чулуу (асбестос), кадьми зэрэг бэлдмэлтэй харьцдаг ажил хийх (барилгачин, онгоцны засварчин, зураач, хэвлэгч)
  • Гэр бүлийн хүмүүс бөөрний хорт хавдраар өвдөж байсан
  • Эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс илүү тохиолддог.

 


Урьдчилан сэргийлэлт

Бөөрний хорт хавдрын гуравны нэг нь тамхинаас үүдэлтэй байдаг тул тамхи татахгүй байх хэрэгтэй.


Эмчилгээ

Бөөрний хорт хавдрын гол эмчилгээ бол мэс засал бөгөөд туяа эсвэл хими эмчилгээтэй хавсруулан хийж болно.

Бөөрний эсийн хорт хавдрын үед бөөрийг авах (өөрчлөлттэй бөөрийг авах) мэс заслыг ихэвчлэн хийдэг. Нэг эсвэл хоёр бөөрөнд бага хэмжээний (4см-ээс бага) хавдартай боловч аль нэг бөөр ажиллаж байвал бөөрний зөвхөн хавдартай хэсгийг авах мэс засал хийдэг.

Дархлаа сэргээх эмчилгээг бөөрний хорт хавдрын үсэрхийлэлтэй хүмүүст хийнэ. Цитокинуудыг (дархлалын тогтолцоог идэвхижүүлэх уургууд) уух, судсанд тарих байдлаар хэрэглэн хавдрын хэмжээг багасгана.

Тирозин киназаг дарангуйлах эмүүдийг бөөрний хорт хавдрын сүүлийн үе шатанд туршсан бөгөөд хими эмчилгээний эмнүүдээс гаж нөлөө багатай болох нь тогтоогдсон.


Тавилан

Хорт хавдрын хэлбэр, үе шат, хувь хүний нас, оношлогдох үеийн биеийн ерөнхий байдал зэргээс өвчний тавилан хамаарна. Бөөрний хавдар эрт үе шатандаа оношлогдсон ихэнхи тохиолдолд тавилан харьцангуй сайн байдаг. Австрали улсад бөөрний хорт хавдараар оношлогдсон хүмүүсийн 72% нь таваас дээш жил амьдардаг байна.

Мэдээлэл боловсруулсан: С.Сарнай (АШУҮИС-ийн багш), И.Болормаа (Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан)