Хаяг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Оюутны хотхон 68/1 , 101 тоот
Утас +976 7000 1393, 7000 1494
Э-Шуудан info@cancercouncilmongolia.mn

Хөхний хорт хавдар

breast cancer зурган илэрцүүдХөхний хорт хавдар гэж юу вэ?

Хөхний хорт хавдар нь Монгол улсын эмэгтэйчүүдийн хорт хавдрын дөрөвдүгээр байр, дэлхий дахинаа нийт эмэгтэйчүүдийн хорт хавдрын шалтгаантай нас баралтын 2-р байрыг эзэлж байна.

Хөхний хорт хавдар нь сүүний булчирхайн цорго эсвэл хэлтэнг хүрээлж байдаг хучуур эдийн хэвийн бус ургалтаас үүсдэг. Эдгээр хавдрын эсүүд нь хяналтгүй ургаж, биеийн бусад хэсгүүд рүү тархах аюултай. Эрэгтэй эмэгтэй аль ч хүйсний хүмүүст хөхний хорт хавдар үүсэх боломжтой ч, эрэгтэйчүүдэд төдийлөн элбэг биш.


 

Хөхний хорт хавдрын шинж тэмдгүүд

Зарим хүмүүст онцын эмнэлзүйн шинж тэмдэг илэрхгүй байж болох тул эмчийн үзлэг эсвэл маммограмын эрт илрүүлгээр оношлогдох нь бий.

Хөхний хорт хавдрын үед илэрч болох шинжүүдэд:

  • Хөхөнд бэрсүү үүсэх, суганы тунгалгийн зангилаа томрох
  • Хөхний толгой өвдөх
  • Хөхний толгойноос шүүдэс гарах
  • Хөхний арьс татагдах
  • Хөхний арьс улайх эсвэл тууралт гарах

Ховор тохиолдолд өвдөлт илэрнэ. Хэдийгээр хөхөнд гарах эмгэг өөрчлөлтүүдийн ихэнхи нь хорт хавдрын бус шалтгаантай байдаг ч, хэрвээ танд дээр дурьдсан шинжүүд илэрвэл цаг алдалгүй эмчид хандаарай.


 

Хөхний хорт хавдрын шалтгаанууд

Хэдийгээр хөхний хорт хавдрын шалтгаан бүрэн тодорхойгүй боловч, түүний эрсдэлт хүчин зүйлст:

  • Хөгшрөл
  • Удамшил
  • BRCA2, BRCA1, CHEK2 гэсэн генүүдийн удамшсан мутацтай байх
  • Эм бэлгийн дааврын ихсэл (физиологийн эсвэл эмийн бодис)
  • Таргалалт (хоолны зохисгүй хэрэглээ болон хангалтгүй дасгал хөдөлгөөн)

Түүнчлэн хөхний хоргүй өвчнүүдийн заримтай нь болон цацраг туяаны өртөлт нөлөөлөх нь бий.


 

Хөхний хорт хавдрын эрт илрүүлэг

30-аас дээш насныхан сар тутам, 40-өөс дээш насныхан 3 жилд нэг удаа шинжилгээ хийлгэх, хөхөө өөрөө шинжих, хөхний зураг авахуулах зэргээр хорт хавдрыг эрт илрүүлэх боломжтой.

Мөн 40-49 болон 75-аас дээш насны эмэгтэйчүүд маммограмын шинжилгээ хийлгэж болно.


 

Хөхний хорт хавдрын оношилгоо

Хэрвээ танд дээр дурьдсан шинжүүдээс илэрвэл өрхийн эмч дээрээ очиж, анхан шатны шинжилгээ хийлгэх эсвэл нарийн мэргэжлийн эмч рүү очих эсэхээ лавлах ёстой. Онош тодруулах зорилгоор хийгддэг шинжилгээнүүдэд:

Маммограм

Маммограм нь бодит үзлэгээр илрүүлэх боломжгүй жижиг голомтыг рентген туяаны тусламжтайгаар илрүүлдэг арга юм.

Биопси

Уг шинжилгээний үед эмч таны хөхний эдийг микроскопийн туслажмтайгаар харахын тулд тодорхой хэсгийг тайрч авдаг.

Бусад скан

Хэрвээ таны хөхөнд хавдар тодорхойлогдвол, мөн хавдар нь биеийн бусад хэсэг рүү тархсан сэжигтэй байвал КТ, MRI зэрэг скан шинжилгээнүүдийг хийлгэх хэрэгтэй.


 

Хөхний хорт хавдрын эмчилгээ

Хавдрын эмчилгээ нь түүний хэмжээнээс хамаардаг.

Шатлал

Хөхний өмөнгийн хэмжээ, суганы тунгалгийн зангилаанд тархсан эсэхэд үндэслэн шатлалыг тогтооно. Хөхний хорт хавдрын үсэрхийллийн зонхилон тархдаг хэсгүүд болох цээж (уушги), элэг, яс зэргийг КТ-ийн тусламжтайгаар шинжилдэг.

Мэс засал эмчилгээ

Голомтлог хавдрыг эргэн тойрны эрүүл эд, суганы тунгалгийн зангилааны хамт мэс заслын аргаар тайрч авдаг. Хэрвээ хөхний тодорхой хэсгийг авбал үүнийг хөх хадгалах хагалгаа, хэрвээ бүхэлд нь тайрч авбал мастектоми/тайралт гэнэ.

Хэдийгээр мэс засал эмчилгээний тусламжтайгаар бэрсүүг авлаа ч, амь аврагдах боломжийг нэмэгдүүлэхийн тулд радио эмчилгээг дагалдуулан хийх хэрэгтэй. Хэрвээ цөмийн скан эсвэл будгийн тусламжтайгаар эхний эгнээний тунгалгийн зангилаануудад хавдар тархсан нь тодорхойлогдвол тэдгээрийг мөн тайрч авах ёстой, хэрвээ хавдрын үсэрхийлэлгүй бол дараагийн шатны хагалгаа шаардлагагүй гэж үзнэ.

Туслах эмчилгээ

Хэрвээ хавдар том, илүү түргэн явцтай, эсвэл тунгалаг руу үсэрхийлсэн бол тайралтын дараагаар дахих өндөр магадлалтай тул нэмэлт буюу туслах эмчилгээг хавсардаг.

Ийм төрлийн эмчилгээнд хавдрын гадаргууд байрладаг дааврын рецепторт нөлөөлдөг ароматазын дарангуйлагч, тамоксифен зэрэг даавар эмчилгээ, хими эмчилгээ, трастузумаб зэрэг бай эмчилгээг 25%-ын HER2 эерэг хавдар зэрэгт тус тус хийнэ (хавдрын гадаргууд трастузумабын бай оршдог).

Хэсгийн нэвчилтэт өмөнгийн үед хими эмчилгээ, радио эмчилгээг хийхэд хавдар агшиж, улмаар мэс засал эмчилгээ хийх боломжтой болдог.

Дахилтын эмчилгээ

Эхний эмчилгээний дараагаар хэрвээ хавдар дахивал, мэс заслын аргаар хэсгийн эмчилгээ хийх, хавдар өргөн хүрээгээр тархвал туслах эмчилгээнүүдийг хослуулах зэрэг арга хэмжээ авна. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг хими эмчилгээнд антрациклин, таксане хамаарагддаг.

Хэрвээ яс өртвөл золедронат зэрэг бисфосфонатуудын тусламжтайгаар ясны гэмтлийг удаашруулж, өвдөлтөнд хэсгийн радио эмчилгээг хэрэглэнэ.

Хөнгөвчлөх эмчилгээ

Хожуу шатны хөхний өмөнтэй өвчтөнүүдэд ихэвчлэн хөнгөвчлөх эмчилгээг зөвлөдөг ч, хорт хавдрын аль ч шатны өвчтөнд хийгдэх боломжтой. Уг эмчилгээний зорилго нь хорт хавдрын шинж тэмдгүүдийг намдааж, өвчтөнүүдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршино. Тодруулбал тухайн хавдрыг эмчлэх гэж оролдолгүйгээр, өвдөлтийг намдаах, өвчтөний сэтгэл санааг засах гэх мэт.

Эмчилгээний баг

Тухайн эмчилгээний төрлөөс хамааран янз бүрийн нарийн мэргэжлийн эмч нар баг болж ажилладаг. Тодруулбал:

  • Радиологич эмч
  • Цацрагийн хавдар судлаач эмч
  • Цацраг эмчилгээний эмч
  • Хавдар судлаач эмч
  • Сувилагч
  • Мэс заслын эмч
  • Гоо сайхны мэс засалч эмч
  • Тунгалгийн хавангийн эмч
  • Эрүүл мэндийн бусад төрлийн мэргэжилтнүүд (зөвлөгч, сэтгэлзүйч гэх мэт)

 


 

Хорт хавдрын тавилан

Тухайн өвчнөөс гарч болох үр дагаврыг тавилан гэнэ. Хөхний өмөнтэй эмэгтэйн тавилан нь хавдрын шатлал, зэрэглэл, оношлогдох үеийн нас, биеийн ерөнхий байдал зэргээс тус тус хамаарна.

Эмч нар тавиланг буюу өвчний үр дагаврыг тухайн хавдрын хэлбэр, шинжилгээнүүдийн үр дүн, хавдрын ургалтын хурд, өвчтөний нас, биеийн тамираар хичээллэдэг эсэх, өвчний түүх зэрэгт үндэслэдэг.

Түгээмэл тохиолдддог хөхний өмөнгийн хэлбэрүүд нь эрт оношлогдсон бол удаан хугацааны, нилээд сайн тавилантай. Хэрвээ хавдар хөхний эдээр хязгаарлагдаж байгаа бол өвчтөний 96% нь оношлогдсоноос хойш 5 жил амьдрах магадлалтай, хэрвээ хэсгийн тунгалгийн зангилаа руу тархсан бол 5 жилийн магадлал 80% болж буурдаг.

Хорт хавдрын улмаас аймаг, дүүргийн хавдар судлаач эмчийн хяналтад 2015 оны тайлангийн эцэст 15036 хүн байгаагаас 5-аас дээш жил амьдарч байгаа хөхний хавдартай хүмүүс 35,3 хувийг эзэлж байна. (Эрүүл мэндийн үзүүлэлтүүд, 2015, Эрүүл мэндийн хөгжлийн төв.)


 

Хөхний хорт хавдрын урьдчлан сэргийлэлт

Хэдийгээр хөхний хорт хавдраас урьдчлан сэргийлэх арга байхгүй ч, архины бага хэрэглээ, биеийн жингийн зохистой хэмжээ зэрэг нь хөхний өмөнгийн эрсдлийг бууруулна.

Удамшлын асуумж эерэг өндөр эрсдэлтэй эмэгтэйчүүд тамоксифен зэрэг даавар эмчилгээ хийлгэх нь зүйтэй. Энэ нь ихэвчлэн 5 жилийн хугацаатай. Хоёр талын урьдчлан сэргийлэх хөхний тайралтыг мөн генийн мутац бүхий өндөр эрсдэлтэй эмэгтэйчүүдэд зөвлөдөг.

Мэдээлэл боловсруулсан: Г.Дариймаа (АШУҮИС-ийн багш), И.Болормаа (Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан)