Хаяг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Оюутны хотхон 68/1 , 101 тоот
Утас +976 7000 1393, 7000 1494
Э-Шуудан info@cancercouncilmongolia.mn

Уушгины хорт хавдар

lung cancer зурган илэрцүүдУушгины хорт хавдар

Монгол улсад уушгины хорт хавдар зонхилон тохиолдох хорт хавдрын эрэгтэйчүүдэд дөрөвдүгээрт, эмэгтэйчүүдэд наймдугаарт ордог боловч хавдрын шалтгаант нас баралтын тэргүүлэх тавд ордог байна.

Уушгины хорт хавдрыг илрүүлэх шинжилгээ (скрининг) байдаггүй.

Уушгины хоёр төрлийн хорт хавдар ихэвчлэн тохиолдоно:

  • Жижиг эсийн гаралтай уушгины хорт хавдар
  • Жижиг эсийн бус гаралтай уушгины хорт хавдар

Уушгины хорт хавдрын тухай гарын авлагаас харна уу.


 

Жижиг эсийн бус гаралтай уушгины хорт хавдар

Илрэх шинж тэмдэг болон оношлогоо

Уушгины хавдраас үүдэн өвөрмөц шинж тэмдгүүд илэрч болно:

  • Амьсгаадах болон шуугиантай амьсгалах
  • Цээжээр өвдөх
  • Цустай ханиах

эсвэл

  • Турах
  • Байнга үлбэгэр, сул байх
  • Хоолны дуршил буурах зэрэг ерөнхий шинж тэмдгүүд илэрч болно.

Гуурсан хоолойг дурандах (амьсгалын зам руу гуурс хийнэ) явцад ургасан эдээс оношлогооны зорилгоор эд авах эсвэл цэрэнд хавдрын эс илрүүлэх шинжилгээ хийж оношлоно.


 

Үе шат тодорхойлох

  • Анхдагч хавдрын хэмжээгээр нь болон TNM system(Т-хавдрын хэмжээ, N-тунгалгийн булчирхайн томрол, M-үсэрхийлэл) дээр үндэслэн үе шатыг тогтоохоос гадна тунгалгын булчирхай, цаашлаад элэг, яс, бөөрний дээд булчирхай, тархи зэрэгт үсэрхийлсэн эсэхийг харгалзан үзнэ. Компьютер томографын шинжилгээгээр уушги, голт, элэг, бөөрний дээд булчирхай зэргийг заавал шинжлэх шаардлагатай. Позитрон ялгаруулах цацраг туяаны шинжилгээг (РЕТ) яс зэрэг холын эрхтэнд үсэрхийлсэн тохиолдолд хийж нэмэлт мэдээлэл авна. Хэрэв РЕТ хийх боломжгүй бол ясыг компьютерээр харна.

Өвчний эхэн үед голт дурандан голтын тунгалгын булчирхайг харж, мэс засал хийх боломжтой бол тунгалгын булчирхайг авна.


 

Шалтгаан

Голлох шалтгаан нь тамхи татах хэдий ч тамхи хэзээ ч татаж байгаагүй хүмүүст ч уушгины хорт хавдар оношлогдсон байдаг. Асбест, радон, нүүрстөрөгч, зарим металлууд (хром, никель г.м.) зэрэг нь уушгины хорт хавдрын шалтгаанд хамаарна.


Урьдчилан сэргийлэлт

Уушгины хорт хавдраас урьдчилан сэргийлэх гол арга бол тамхи татахгүй байх буюу тамхинаас гарах юм.


Эмчилгээ

Бага хэмжээний хавдрыг зөвхөн мэс заслаар эмчлэх боломжтой. Мэс заслаар авах боломжтой, тунгалгын булчирхайд үсэрхийлсэн хавдруудын үед мэс заслыг хими эмчилгээтэй хавсруулан хийвэл үр дүнтэй байдаг.


Тавилан

Хувь хүний тавилан нь хавдрын хэлбэр, үе шат, нас, оношлогдох үеийн биеийн ерөнхий байдал зэргээс хамаардаг. Бага хэмжээний мэс заслаар эмчлэгддэг хавдруудын 80% нь таван жил амьдрах боломжтой. Тунгалгын булчирхайд үсэрхийлсэн хавдрын үед 25-30% нь таван жил амьдардаг бөгөөд мэс заслаар эмчлэгдэх боломжтой байдаг. Бусад эрхтэнд тархсан үед хими эмчилгээ хийх боломжтой ба 15-35% нь таван жил амьдардаг байна.


 

Жижиг эсийн гаралтай уушгины хорт хавдар

Шинж тэмдэг болон оношлогоо:

Эмчлүүлэгчийн уушгитай холбоотой өвөрмөц шинж тэмдгүүд илэрч болно:

  • Амьсгаадах
  • Шуугиантай амьсгалах
  • Цээжээр өвдөх
  • Цустай ханиах

зэрэг шинжүүдээс гадна ерөнхий шинж тэмдгүүд мөн илэрнэ:

  • Турах
  • Байнга үлбэгэр, сул байх
  • Хоолны дуршил буурах зэрэг хамаарна.

Гуурсан хоолой дурандах (амьсгалын зам руу гуурс хийнэ) үедээ хавдраас эдийн шинжилгээ авах эсвэл цэрэнд хавдрын эсийг илрүүлж оношлоно.


 

Үе шатыг тодорхойлох

Уушгины хорт хавдар хэсэг газар буюу цээжний нэг талд, туяа эмчилгээнд ороход хангалттай бага хэмжээтэй эсвэл цээжний хоёр талд тархсан, элэг, яс, бөөрний дээд булчирхай, тархи зэрэг эрхтэнд үсэрхийлсэн байдаг. Эдгээр эрхтэнг үнэлэн үе шатыг тогтооно.


Шалтгаан

Ихэвчлэн тамхи татсанаас үүдэн үүсдэг ч тамхи хэзээ ч татаж байгаагүй хүмүүст уушгины хорт хавдар оношлогдсон байдаг.


Урьдчилан сэргийлэлт

Тамхи татахгүй байх эсвэл тамхинаас гарах нь уушгины хорт хавдраас сэргийлэх гол арга юм.


Эмчилгээ

Байршмал үед хими эмчилгээтэй хавсруулан эмчилнэ. Туяа эмчилгээг хими эмчилгээний анхны тунтай хамт хийнэ. Үсэрхийлсэн тохиолдолд зөвхөн хими эмчилгээ хийнэ.


Тавилан

Хувь хүний тавилан нь хорт хавдрын хэлбэр, үе шат, нас, оношлогдох үеийн биеийн ерөнхий байдал зэргээс хамаардаг. Байршмал хорт хавдрын үед амьдрах дундаж хугацаа 18-24 сар бөгөөд 25% нь таван жил амьдардаг. Үсэрхийлсэн үед дунджаар 12 сар орчим байдгаас 10% нь хоёр жил амьдардаг байна.