Хаяг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Оюутны хотхон 68/1 , 101 тоот
Утас +976 7000 1393, 7000 1494
Э-Шуудан info@cancercouncilmongolia.mn

Амьдралын буруу хэв маягийн шалтгаан

Хавдрын улмаас нас барсан 3 тохиолдлын 1 нь илүүдэл жин, буруу хооллолт болон хөдөлгөөний хомсдолтой холбоотой байдаг. Амьдралын буруу хэв маягаас үүдсэн эдгээр эрсдэлт хүчин зүйлс дотроос илүүдэл жин хавдар үүсгэдэг талаарх баримт нотолгоо их байдаг. Илүүдэл жин нь хавдрын нас баралтын 5 тохиолдлын 1-ийн шалтгаан болдог.

Илүүдэл жин, таргалалт нь олон төрлийн хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг нь тодорхой, ялангуяа:

  • Хөхний (цэвэршилтийн дараах үеийн эмэгтэйчүүдэд)
  • Бүдүүн, шулуун гэдэсний
  • Умайн (эндометри)
  • Улаан хоолойн
  • Бөөрний
  • Нойр булчирхайн

Илүүдэл, таргалалт нь дараах төрлийн хавдрын эрсдлийг нэмэгдүүлэх боломжтой.

  • Цөсний хүүдий
  • Элэг
  • Ходжкины бус лимфом
  • Малтипл миелом
  • Умайн хүзүү
  • Өндгөвч
  • Түрүү булчирхай

Түүнээс гадна гэдэсний өөх ихтэй (бүсэлхийн тойрог томтой) тохиолдолд, биеийн жингээс үл хамааран бүдүүн, шулуун гэдэсний хавдар үүсэх эрсдэл өндөр байдаг бөгөөд нойр булчирхай, умай, хөхний хавдар (цэвэршилтийн дараах үеийн эмэгтэйчүүдэд) үүсгэх эрсдэлтэй байж болзошгүй юм.

Гэсэн хэдий ч, биеийн жин болон хавдар хоорондын хамаарлын шалтгаан нь нарийн тайлагдаагүй юм. Тухайлбал, илүүдэл жин нь цэвэршилтийн дараах үед хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг бол цэвэршилтийн өмнөх үеийн эмэгтэйчүүдэд энэхүү эрсдэл ажиглагдаагүй байна. Үүний шалтгаан ньтодорхойгүй юм.

Түүнээс гадна таргалсан цаг хугацаа нөлөө үзүүлж болзошгүй юм. Хүүхэд нас, залуу насандаа таргалах нь хожим таргалахаас илүүтэйгээр хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Тухайлбал, өсвөр насандаа таргалсан охидуудад (насанд хүрсэн хойноо таргалсан биш) цэвэрших наснаас өмнө өндгөвчний хавдар үүсэх эрсдэл өндөр байдаг.

Биеийн илүүдэл жин нь хэрхэн хавдар үүсэх эрсдэлд нөлөөлдөг вэ?

Илүүдэл жин нь хэд хэдэн арга механизмаар хавдар үүсгэх эрсдэлд нөлөөлдөг. Биеийн илүүдэл өөх нь дараах үйл ажиллагаанд нөлөөлдөг.

  • Дархлааны тогтолцооны үйл ажиллагаа, үрэвсэл
  • Инсулин, эстроген гэх мэт дааврын түвшин
  • Инсулин төст өсөлтийн фактор гэх мэт эсийн өсөлтийг зохицуулагч факторууд (IGF-1)
  • Бие махбодийн зарим нэг дааврын ашиглалтад нөлөөлдөг уургууд

Жингээ бууруулах нь хавдрын эрсдлийг багасгадаг уу?

Жин бууруулах нь хавдрын эрсдлийг хэрхэн багасгадаг талаар судалгаа хомс байдаг. Гэвч, сүүлийн жилүүдэд жин хаяснаар хөхний хавдар (цэвэршилтийн дараах үед), түрүү булчирхайн хавдар болон бусад төрлийн хавдрын эрсдлийг бууруулдаг талаар олон тооны нотолгоо гарч байна.

Жин хаях үед гарч болох биеийн өөрчлөлтүүд нь хавдрын эрсдлийг бууруулахад нөлөөлж байж болзошгүй юм. Тухайлбал, илүүдэл жин, таргалалттай хүмүүс турж жингээ хаях үед инсулин, эстроген, андроген гэх мэт хавдар үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг даавруудын хэмжээ багасч байдаг байна.

Жин хасах болон хавдрын хоорондын хамаарлыг нарийн судлах шаардлагатай байгаа хэдий ч, илүүдэл жинтэй, таргалалттай хүмүүст жингээ хаях талаар зөвлөгөө өгч, дэмжлэг туслалцаа үзүүлэх шаардлагатай юм. Жин хаях нь зөвхөн хавдрын эрсдлийг бууруулаад зогсохгүй, бусад төрлийн эрүүл мэндийн ач тустай, тухайлбал, зүрх судас, чихрийн шижингийн эрсдлийг бас бууруулдаг. Бага ч атугай жин хаях нь эрүүл мэндэд маш чухал бөгөөд том зорилгын эхлэл болдог юм.