Хаяг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Оюутны хотхон 68/1 , 101 тоот
Утас +976 7000 1393, 7000 1494
Э-Шуудан info@cancercouncilmongolia.mn

Элэгний хорт хавдар

liverЭлэгний хорт хавдар гэж юу вэ?

Элэгний анхдагч хорт хавдар гэдэг нь элгэнд эхэлж үүсдэг хорт хавдар юм. Дараах төрлийн хавдрууд байдаг:

  • Гепатоцеллюляр хорт хавдар буюу гепатома гэдэг нь элэгний анхдагч хорт хавдрын хамгийн түгээмэл тохиолддог хорт хавдар бөгөөд элэгний гол эсээс үүсдэг.
  • Холангиокарцинома буюу цөсний сувгийн хорт хавдар нь цөсний сувгийн дотор ханын эсээс үүсдэг (элгийг цөсний хүүдий болон гэдэстэй холбодог)
  • Ангиосаркома буюу цусны судаснаас үүсдэг. Энэ төрлийн хорт хавдар нь тун цөөн хэдий ч 70-аас дээш насны хүмүүст ихэвчлэн тохиолддог.

Элэгний хоёрдогч хорт хавдар нь элэгний анхдагч хорт хавдраас илүү их тохиолддог. Уг хорт хавдар нь биеийн аль нэг хэсэгт үүсээд элгэнд үсэрхийлсэн байдаг. Хэрэв танд элэгний хоёрдогч хорт хавдар байвал анхдагч хорт хавдартай холбоотой мэдээллийг унших нь зүйтэй.

Хоёрдогч хорт хавдар нь анх эхэлж үүссэн байршлын дараа бичигддэг, жишээ нь гэдэсний хорт хавдраас үүссэн элэгний хоёрдогч хорт хавдар гм. Элэгний хоёрдогч хорт хавдар гэж хэлж байгаа нь элгэнд үсэрхийлсэн хорт хавдрын ямар нэг төрөл гэсэн утгатайгаар гэж хэрэглэдэг.


 

Элэгний хорт хавдрын шинж тэмдгүүд

Элэгний хорт хавдрын шинж тэмдгүүд нь ихэвчлэн хавдар томорч эсвэл хүндэрсэн үед л илэрдэг. Үүнд:

  • Ядрах, сульдах
  • Хэвлийн баруун дээд хэсэгт өвдөх
  • Хэвлийгээр өвдөх эсвэл хэвлий цардайх
  • Хоолны дуршил буурах, дотор муухайрах
  • Турах
  • Арьс, нүд шарлах
  • Баас цагаан болох
  • Халуурах

Элэгний хорт хавдрын шалтгаан

Элэгний В, С вирүсийн халдвараар удаан хугацаанд өвдөх нь (архаг халдвар) элэгний хорт хавдрын шалтгаан болдог. Энэ нь Монгол улсад тохиолдох элэгний анхдагч хорт хавдрын хамгийн сайн мэдэгдэж байгаа гол эрсдэлт хүчин зүйл юм.

Элэгний хорт хавдар үүсэхэд олон хүчин зүйлс нөлөөлж эрсдлийг нэмэгдүүлж байдаг. Тухайлбал:

  • Элэг сорвижих
  • Элэг өөхлөх эмгэг буюу гемхроматоз гэх зэрэг удамшлын өвчнүүд эсвэл альфа 1 антитрипсины дутагдал
  • Чихрийн шижин хэв шинж 2
  • Согтууруулах ундаа ихээр хэрэглэх
  • Таргалалт
  • Тамхи татах
  • Зарим химийн нэгдэлүүд

 

Элэгний хорт хавдрын эрт илрүүлэлт

Одоогоор элэгний хорт хавдрын эрт илрүүлэлт байхгүй.


 

Элэгний хорт хавдрын оношилгоо

Элэгний хорт хавдар эсвэл элэгний хоёрдогч хорт хавдрыг оношлоход олон тооны шинжилгээ хийдэг.

Цусны шинжилгээ

Цусны шинжилгээгээр элэгний үйл ажиллагааг шалгана: цусны бүлэгнэлтийг шалган, хавдрын маркерууд зэрэг тодорхой нэгдлүүдийг илрүүлнэ: элэгний В эсвэл С вирүсийн халдвартай мөн удамшлын ямар нэгэн эмгэгтэй эсэхийг илрүүлнэ.

Хэт авиан шинжилгээ

Элэгний анхдагч хорт хавдрыг илрүүлэхэд хамгийн өргөн ашигладаг арга бөгөөд хэт авиан шинжилгээ нь элгэнд байх эрүүл бус эдийн байрлал болон хэмжээг зургаар харуулдаг.

Компютер томограф (CT scan)

Компютер томограф шинжилгээ нь нэг цаг хугацаанд хэд хэдэн эрхтэний зургийг гурван хэмжээсээр харуулж эмчид мэс засал төлөвлөхөд тустай байдаг. Хэрэв хорт хавдар үсэрхийлсэн бол мөн мэдэх боломжтой.

Соронзон резонанст томограф (MRI scan)

Соронзон резонанст томограф нь биеийн хөндлөн зүслэгт нарийвчилсан зураг гарган хавдрын хэмжээ болон элэгний гол судсанд нөлөөлсөн эсэхийг харуулна.

Позитрон ялгаруулах цацраг туяаны шинжилгээ (PET-CT scan)

Элэгний хоёрдогч хорт хавдрын үед хамгийн өргөн хэрэглэдэг шинжилгээ бөгөөд гурван хэмжээст өнгөт зураг гарган биед байх хорт хавдрыг харуулна.

Эдийн шинжилгээ

Эдийн шинжилгээ нь микроскопоор шинжлэхийн тулд бага хэмжээний эдийг авах юм.

Эдийн шинжилгээг хийхдээ хэсгийн мэдээгүйжүүлгийн дор нарийн зүүгээр эсүүдээс авна, эсвэл хэвлий нээх мэс ажилбарын үед ерөнхий мэдээгүйжүүлгийн дор эмч элэг болон эргэн тойрны эрхтэнг харж эд авах ба хэвлий нээн эд авах нь сайн байдаг.

Бусад шинжилгээнүүд

Хэрэв танд элэгний хоёрдогч хавдар байвал анхдагч хавдар хаана эхэлсэн нь тодорхойгүй байвал түүнийг олохын тулд бусад шинжилгээг хийнэ.


 

Элэгний хорт хавдрын эмчилгээ

Элэгний анхдагч хорт хавдрын үед ихэвчлэн хорт хавдар руу шууд хийдэг хими эмчилгээ болон хавдрыг тайрч авах эмчилгээ хийдэг.

Элэгний хоёрдогч хорт хавдрын үед ихэвчлэн хими эмчилгээ эсвэл мэс заслыг хими эмчилгээтэй хавсруулан хийнэ.

Мэс засал

Мэс заслаар элэгний өөрчлөлттэй хэсгийн судсыг боох эсвэл элэгний оронд донорын элгийг бүхэлд нь шилжүүлэн суулгана.

Мэс засал нь элэгний хорт хавдартай цөөн тооны хүнд хийхэд тохиромжтой мөн хавдрын байрлал, хэмжээ, тооноос хамааран хийгдэнэ.

Мэс заслаар элэгний хэсгийг тайрвал хэсэгчилсэн элэг тайрах ажилбар гэнэ. Уг мэс заслын дараа элэгний үлдсэн хэсэг нь гэмтээгүй бол өөрийгөө нөхөн төлжүүлж, хэдхэн сарын дараа хэвийн хэмжээндээ хүртэл томордог. Хэрэв элэгний хоёр хэсэгт хавдар байвал мэс заслыг хоёр үе шаттайгаар явуулан эхний мэс заслын дараа элэг эргэн төлжинө.

Зарим хүний хувьд элэгний хэсгийг тайрах боломжгүй байвал элэг шилжүүлэн суулгана. Элэг шилжүүлэн суулгахын өмнө зөвшөөрсөн хүний эрүүл мэндийн байдал зэрэг олон хүчин зүйлийг бодолцоно. Элэг шилжүүлэн суулгах боломжтой байсан ч тохирох донор элэг хүлээж, хугацаа алдаж болзошгүй. Энэ хугацаанд ихэнх хүн хорт хавдрыг хянах бусад эмчилгээг хийлгэнэ.

Хорт хавдрын судас боох ажилбар

Элэгний бага хэмжээтэй анхдагч хорт хавдрын үед ихэвчлэн хавдрыг авах мэс засал хийдэг. Элэгний хоёрдогч хорт хавдрын үед цөөн тохиолдолд хэрэглэнэ.

Хорт хавдрын судас боох эмчилгээний хамгийн их хэрэглэдэг хэлбэр нь радио долгион болон дулааны бичил долгион ашиглан хорт хавдрыг шарах эмчилгээ хийж хорт хавдрын эсүүдийг устгадаг. Уг эмчилгээг хийхдээ арьс цоолон зүү оруулж (percutaneous ablation)   эсвэл мэс заслын хүрцээр хийнэ (ablation with surgery).

Судас боох эмчилгээний зарим төрөлд спирт тарих буюу цэвэр спиртыг хавдар руу тарьж хорт хавдрын эсийг устгадаг мөн хөлдөөх мэс засал эмчилгээ хийж хорт хавдрын эсийг устгана.

Хими эмчилгээ

Элэгний хорт хавдрын хэлбэрээс хамааран хими эмчилгээ хийж хавдрын өсөлтийг удаашруулж, хэмжээг багасгах, устгах эмүүд хэрэглэнэ.

Хими эмчилгээг үе шаттай хийх ба шахмал эсвэл судсаар хэрэглэх зэргээр бүх биед оруулна. Мэс засал, хөлдөөх эмчилгээ зэрэг бусад эмчилгээний дараа хийж хавдрын  үлдсэн эсүүдийг устгана. Биеийн бусад хэсэгт хорт хавдар үсэрхийлээгүй, анхдагч хорт хавдрын эмчилгээнд бараг хэрэглэдэггүй.

Үечилсэн хими эмчилгээ нь хорт хавдрын ургалтыг удаашруулж, өвдөлт намдаадаг учраас хөнгөвчлөх эмчилгээ байдлаар хэрэглэнэ.

Хими эмчилгээг шууд хавдрын голомт руу тарих ба үүнийг химоэмболизаци (TACE) гэдэг. Хавдрыг шууд аргаар эмчлэх ба хүчтэй эмийн бэлдмэлүүд хэрэглэдэг. TACE нь элэгний анхдагч хорт хавдрын үед ихэвчлэн хийгдэнэ.

Биологийн эмчилгээ

Эмчилгээний нэгэн төрөл бөгөөд хорт хавдрын эсүүдийн ургалт, үйл ажиллагааг зогсоох буюу бие махбодийн дархлалын тогтолцоог хавдрын эсүүдийг устгахад нь тусалдаг. Элэгний анхдагч болон хоёрдогч хорт хавдрын аль алинд нь хэрэглэх ба хорт хавдрын бусад эмчилгээтэй хамт эсвэл дараа нь хэрэглэж болно.

Сонгомол дотоод туяа эмчилгээ (SIRT)

Радиоэмболизаци буюу туяагаар бөглөх эмчилгээ нь элэгний хавдар руу радио идэвхит жижиг бөмбөлөг өндөр тунгаар хийнэ. Мэс заслаар авах боломжгүй элэгний анхдагч болон хоёрдогч хорт хавдрын үед хэрэглэнэ. Бүх талбайг хамрах боломжгүй тул та эмчтэйгээ хийх боломж болон төлбөрийн талаар ярилцана уу.

Дурангаар стент суулгах

Хэрэв элэгний хорт хавдар цөсний хүүдий болон цоргыг бөглөсөн бол элгэнд үүсэх цөсний хэмжээ ихсэх тул стент нарийн гуурс элгэн дотор тавьж шинж тэмдэг багасгах, цөсийг гадагшлуулах заалттай болж болзошгүй.

Хөнгөвчлөх эмчилгээ

Хавдрын аль ч үе шатанд мөн хавдар хүндэрсэн бол хүмүүс ихэвчлэн хөнгөвчлөх эмчилгээ хийлгэдэг. Өвчнийг эмчлэхгүй ч хорт хавдрын шинж тэмдгийг багасгаж, амьдралын чанарыг сайжруулах зорилготой. Үүнд биеийн болон сэтгэл санааны зовиурыг зохицуулах,  өвдөлт намдаах зэрэг хамаардаг.

Эмчилгээний баг

Таны эмчилгээнээс хамааран эмчилгээний багт олон төрлийн, нарийн мэргэжилтнүүд багтана. Тухайлбал:

  • Элэг цөсний мэс засалч буюу элэг болон эргэн тойрны эдэд мэс засал хийдэг мэргэжилтэн
  • Гастроэнтерологич: элэг болон хоол боловсруулах тогтолцооны өвчнийг эмчлэх эмч
  • Элэг судлаач: элэгний өвчин судлалаар мэргэшсэн гастроэнтерологич
  • Хавдар судлаач: хими эмчилгээний тун, байрлалыг тогтооно.
  • Дүрс оношилгооны эмч: хорт хавдрын оношилгоо болон зарим эмчилгээг хийхэд тусална
  • Хавдрын сувилагч.

Хоол зүйч, хөнгөвчлөх эмчлэх эмчилгээний баг, нийгмийн ажилтан зэрэг бусад эрүүл мэндийн мэргэжилтнүүд хамаарна.


 

Элэгний хорт хавдрын тавилан

Хувь хүний нөхцөл байдлаас хамаарах тул эмч өвчний үйл явцыг яг нарийн тодорхой таамаглах боломжгүй. Гэхдээ эмч элэгний хорт хавдрын хэлбэр, шинжилгээний үр дүн, хавдрын ургалтын зэрэг, нас, биеийн байдал, өвчилж байсан өвчин зэргээс хамааран өвчний үр дагаварыг танд хэлж өгч болно.


 

Элэгний хорт хавдраас урьдчилан сэргийлэх

Монгол улсад элэгний анхдагч хорт хавдрын хамгийн эрсдэлт хүчин зүйл нь элэгний С, В вирүс байна. Элэгний анхдагч хорт хавдрын өвчлөл болон элэгний В вирүсийн тархалтыг бууруулах стратеги нь эрсдэлт бүлгийн хүмүүст вирүсийн эсрэг дархлаажуулалт хийж, вирүсийн халдвартай хүмүүсийн эрүүл мэндийг хянах юм.

Мэдээлэл боловсруулсан: С.Сарнай (АШУҮИС-ийн багш), Б.Булган ( MНЭММН-ийн ажилтан, Төрийн удирдлагын магистр)